Гэдрэг уналт

Dagva Bays
4 min readMay 1, 2021

Эмнэлгээс гараад сар гаруй болж байна. Хагас жил шахуу эм тариагаар хооллож явсаар гэнэт тасалсан болохоор ч юм уу яг тэрүүгээрээ өлсөж байгаа юм шиг ходоод эвгүйрхэж, толгой эргэдэг байлаа. Дээрээс нь гавлын минь эмтэрч хагарсан хэлтэрхийнүүд хоорондоо харшилдаж, доод талынхаа зөөлөн эдэд зоогдож, шигдэн сийчиж буй мэт өвтгөнө. Долоо хоногийн өмнөөс тэгэж зовоох нь гайгүй болсон. Нөгөөтэйгүүр бүр дордсон ч гэхэд бас буруудахгүй.

Тэнд байсан зургаан сарын дөрвийг нь чүү ай л амьд, ухаан санаагүй, ургамал гэмээр л юм хэвтэж барсан. Тэр хугацаандаа ямар нэгэн юм зүүдэлсэн бол нэг их ч зүдэргээгүй зүйл буюу сүүлчийн тулааныг эсвэл анх Америкт очоод шинэ багшдаа чангалуулж байсан үе, магадгүй бэлтгэлийн зааланд орж ирж буй найман настай өөрийгөө л үзсэн байх. Надад ямар өөр боддог юм байсан биш дээ.

Сэрчхээд найзууд, багш, дүү нарынхаа эргэж ирээд явахдаа үлдээсэн захиа, зурвасуудыг уншиж эхний хэдэн өдрийг барав. Бүгдээрээ л “Миний хүү, миний анд мундаг байсан шүү. Хурдан эдгээд хийсэн, эхлүүлсэн зүйлээ дуусгаарай” гэсэн байлаа. Дараа нь интернет нээгээд үзвэл бөөн л юм болжээ. Дийлэнхи нь өмнөхийн адил “Хурдан эдгээд алаад өрөөрэй” хэмээн ерөөж, зарим нь “Хайран сайхан хүүхэд, харамсалтай ч юм болж дээ” гэцгээн харууссан байв. Нэг хүн бүр намайг хаанаас ч юм үхчихсэн гэж дуулж, итгээд “Ум сайн амгалан…” гээд эмгэнэл илэрхийлсэн байсан гээч.

Тэндээс гарж, энгийн амьдрал, бэлтгэл сургуульдаа орно гэж ихэд догдолж байсан ч үйл явдал бодсоноос минь өөр тийш эргэв. Эмч өөдөөс минь англи,орос, латин үгс хольж , мэдэхгүй мэргэжлийн хэлээр минь ярьж байснаа сүүлд нь “Уучлаарай, та их спортоо орхихоос өөр аргагүй болж байна даа. Дахиж толгойдоо ямар нэгэн цохилт, гэмтэл авах юм бол эрүүл мэндэд тань ноцтой хохирол учруулна. Улмаар суумгай, хэвтрийн болох цаашлаад үхэх ч аюултай” гэв. Тэр мөчид ухаан балартаж, амьсгаа давчдаад дахиад унах шахсан ч ээж, эмч хоёр элдвээр тайвшруулсаар намайг гэрт минь санд мэнд авчирсан билээ.

Тэрнээс хойш эмэн эмчилгээний дараах өвдөлт намайг янз янзын зүйлс бодох сөхөлгүй байлгасаар бүтэн сар болж саяхнаас тэр өвдөлт намдах, сэхээ орохтой зэрэгцэн сэтгэл санаа минь ихэд тавгүйтэх боллоо. Гэр дүүрэн байх медалиуд, цомууд, өргөмжлөлүүд, тэмцээний зургуудыг харах тоолонд шал руу чулуудаж дэвслээд, цонхоор гаргаж шидмээр санагдав ч хэдэн зуун өдрийн хөдөлмөр, тонн тонн хөлсний үнэтэйд нь хорогдоод чадахгүй юм. Шөнө орондоо тийчгэнэн хөрвөөж, хорссон нүдээ тас анин хэвтэх үед Лас Вегасын цэнгэлдэхэд ирсэн үзэгч олон руу гараа алдлаад бахтай нь аргагүй хашхирч байхад сонссон “бүүлэж” орилохтой холилдсон алга ташилт, олон адуу давхилдаж байгаагийн туурайн нүргээн шиг заалний шалыг дэвслэх чимээ, мишок нүдэх, дээс үсрэх хэмнэл, хээрийн бэлтгэл дээр оройн хоолны дараа гал тойроод дуулдаг дуу, багшийн дардаг гитарын аяз ээлж ээлжээрээ чихэнд сонсогдоод жаахан ч дуг хийж чадахгүй үүр цайчихна. Энэ янзаараа нэлээд хэдэн хоног тарчилж, хоёр цэхэр маань ч ширгэх шахлаа.

Өглөө нар мандаж гэгээ орох үед нүүрээ угааж толинд харахдаа өөрийнхөө дүрсийг үзээд таньсан ч мөн гэж итгэхийг хүссэнгүй. Урьдын харцаараа өрсөлдөгчийнхөө сүнсийг зайлуулж,шээс алдуулдаг аймшиггүй тулаанч тэр биш байлаа. Хацар шанааны жаахан мах нь бүр алга болсон тул утгаараа яс арьс гэдэг нь болжээ. Нөгөө сүрхий ширүүн харц нь ч бас ухархайдаа байхгүй. Оронд харанхуй хоосон зай үлджээ.

Толинд нүүрээ наан байж зовхин доторхоо харвал тэр харанхуйгаас болор, цагаан хоёр нь ялгагдах төдий үнсэн саарал болсон нүдээ олж харав. Өөрийгөө ийм үхээрийн гэмээр болсонд зэвүүцэн харааж, хоёр гараараа толгойгоо шаагаад авбал “Тэнэг новш чинь үхэх нь дутаа юу” гэсэн бодолтой зэрэгцэн энэ намайг хэсэгхэн ч гэсэн тайван байлгаад байсан “тэр өвдөлт” шиг мэдрэгдлээ. Дахиад хоёр,гурван удаа дэлслээ. Толгой манаран эргэлдэж, түр зуухан заадаслан өвдөж байснаа намдчихаад байв. Бөндгөрөө нэмж хэсэг балбаад хангалтгүй санагдан ардаа байсан толийг, дараа нь хажуу талынхаа ханыг мөргөв. “Би гэж ингэж өөрийгөө зовоож байхдаа таарсан хувьгүй хар хүүр юм даа” гэж санахын араас “Тэр үедээ үхчихсэн бол амар байж дээ. Ингэж зовсноос тэр нь дээр юм” гэж бодогдож, “үхэх нь унтахаас, уйлахаас, амьсгалахаас, амьдрахаас амархан болсон” гэдгийг ч ойлголоо.

Тэгээд толгойтой үснээсээ тас зуураад нуруугаараа нумран хойш үсэрлээ. Яг л сурах гээд чаддаггүй байсан гимнастикын гэдрэг уналт шиг. Угаалгын өрөөний сүүн гэрэлд нүд гялбан хойш ниссээр зулайнхаа хагарч цуураад бүрэн эдгэж амжаагүй байсан яг тэр хэсгээрээ ардаа байсан шаазан суултуурын ирмэгийг биеийнхээ эрч, бүх жингээр цохив.

Хүзүү, нуруу дагаж шингэн юм урсаж, нойтон оргиод эхлэлээ. Раунд хоорондын амралтаар зөвлөх багш нуруугаар ус гоожуулдаг байсантай төстэй гэхдээ тэгэхэд хүйтнээр хайрдаг байсан бол энэ нь бүлээхэн юм. Нүдэнд минь хэдэн өнгө сүлэлдэж ямар нэгэн дүрсгүй юмс үзэгдэнэ. Нокаутнд ороход ингэдэг гэж бэлтгэлийн хамтрагч минь ярьж байсныг саналаа. Би урьд өмнө нь өчнөөн удаа ялагдаж, нохой шиг зодуулж явсан ч нокаутаар хожигдож үзээгүй, шүүгч тоолж эхэлбэл арвын тооноос урьтаж босоод үргэлжлүүлэн тулалддаг байж. Гэтэл эцэстээ өөрийгөө дахиж босохооргүй болгочих юм гэж даан ч санасангүй.

Нэг, Хоёр, Гурав… Инээдтэй ч гэсэн босох гэж оролдлоо… Дөрөв, Тав, Зургаа, Бодсоноор минь гар хөл хөдөлсөнгүй. Бүр нүдээ ч нээж дийлэхгүй нь ээ… Долоо, Найм, Ес…

“Гэмтлийн улмаас зодог тайлаад удаагүй байсан мэргэжлийн боксчин Э гэртээ ахуйн ослоор нас баржээ. Хөрш нь түүний гэрээс эрэгтэй хүний хашхирах чимээ сонсогдсоны дараа цагдаагийн байгуулагд мэдэгдсэн бөгөөд эх сурвалжийн хэлснээр талийгаачийн гэр дотроосоо түгжээтэй, өөр хүний ул мөр үгүй боловч цогцос хэн нэгэнтэй тэмцэлдсэн байдалтай олдсон нь албаны хүмүүсийн анхаарлыг татаж байна гэв”

--

--